Цаг үеийн
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтрепренёршип хөгжлийн институт (KISED) хамтран Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв”-ийг байгуулахаар болсон.
“Инновацын төв”-ийг байгуулснаар монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, технологийн хүний нөөцийг бэлтгэж чадавхжуулах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой.
Дээрх төв байгуулагдсанаар гурван жилийн хугацаанд гурван мянга орчим гарааны бизнес эрхлэгч залуус дээрх төвөөр үйлчлүүлж, мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлах сургалтад хамруулахаас гадна 45 гарааны бизнесийг дэмжиж ажиллана. Мөн ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутнуудад зориулсан стартап, инновацын сурах материалыг боловсруулахаас гадна стартапыг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулна.