Сонгино хайрхан дүүрэг

songino hairhan

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв /ОНӨҮГ/ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №55 тоот захирамжаар байгуулагдсан.

Бидний эрхэм зорилго:
Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд аж ахуй эрхлэлтийн ур чадвар эзэмшүүлэх сургалт, бизнес инкубаци болон төсөл хөтөлбөр боловсруулах, зөвлөгөө мэдээлэл өгч, төрөөс жижиг дунд үйлдвэрийн талаар явуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж үйлдвэрлэл эрхлэгчдийг бойжуулах, дэмжлэг үзүүлэх замаар бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, борлуулалтын сувгийг нэмэх, дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, тухайн оны нийгэм эдийн засгийн зорилт, жижиг дунд үйлдвэрлэлийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг ханган дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

1. Зөвлөн туслах үйлчилгээний талаар:
Ажлын байран дээрх зөвлөгөө: Үйлдвэр эрхлэгчдийн ажлын байр, үйл ажиллагаатай очиж танилцан санхүү, менежмент, маркетинг, борлуулалт, зээлд хамрагдах боломж зэрэг тулгамдаж буй асуудлуудад зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг.
Туршлага солилцох уулзалт: өрхийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилгоор туршлага солилцох уулзалтыг зохион байгуулдаг.
Зөвлөн туслах үйлчилгээ:
– Үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, саналыг мэдээллийн санд бүртгэн, хуулийн хугацаанд шийдвэрлэдэг.
– Зөвлөгөө, мэдээллийг биечлэн болон утсаар, цахимаар өгч бүртгэлжүүлж ажилладаг.

2. Мэдээллээр хангаж ажиллах талаар: Дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд хэрэгтэй, ач тустай, шаардлагатай, зээл тусламж, үзэсгэлэн худалдаа, сургалтын талаар болон цаг үетэй холбогдолтой мэдээ, мэдээллийг биечлэн болон утсаар, мөн төвийн “Сонгинохайрханд үйлдвэрлэв /СХД ЖДҮ/” цахим хуудсаар цаг тухай бүрд нь хүргэн ажиллаж байна. 

3. Сургалт зохион байгуулах талаар:
– Аж ахуй эрхлэх ур чадвар
– Төсөл бичих аргачлал
– Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент
– Онлайн худалдаа
– Мэргэшүүлэх
– Харилцаа хандлага
– Зээл, түүнд хэрхэн хамрагдах
– Компьютерийн сургалт зэрэг чиглэлүүдээр ЗГХ агентлаг ЖДҮГ, Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газар, Зээлийн батлан даалтын сан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл, Азийн сан, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын БЭСТ хөтөлбөр, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв, Нийслэлийн ЖДҮДТөв, “Зочил технологи” ХХК, Баян-Хошуу Бизнес Инкубатор төв зэрэг байгууллагууд болон тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалтыг танхимаар, цахим хэлбэрээр зохион байгуулж дүүргийн үйлдвэр эрхлэгчдээ хамруулан ажиллаж байна.

4. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахад холбож өгөх талаар: Зээлийн батлан даалтын сан, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын БЭСТ хөтөлбөр, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран гарааны бизнесийн болон бизнесээ өргөжүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх гэх мэт зээл тусламжид бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөгөө, мэдээ, мэдээлэл өгч, сургалтад хамруулж дэмжлэг үзүүлэн ажилладаг.

5. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, эх оронч худалдан авалтыг төлөвшүүлэх, сурталчлах зорилгоор нээлттэй үзэсгэлэн худалдаануудад дүүргийн үйлдвэр эрхлэгчдийг хамруулан ажилладаг.

6. Борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх талаар: Худалдан авагчдыг мэдээллээр хангаж, дотоодын бүтээгдэхүүнийг таниулж, худалдан авах сэдэл төрүүлэх, нөгөө талаас үйлдвэр эрхлэгчдийн бизнес эрхлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортлох сонирхол ихээр төрүүлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн сувгаар /телевиз, ФМ, байгууллагын цахим хуудас г.м/ нэвтрүүлэгт оролцуулан бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, мөн борлуулалтыг нь дэмжих зорилгоор борлуулалт, түгээлтийн компаниудтай холбох зэрэг ажлууд хийгдэж байна. 

7. Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэр эрхлэгчдийг холбож өгөх: Оёдлын үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилгоор кластер тогтолцоог амжилттай хэрэгжүүлж эхэлснээс гадна, тус төв нь “Шилмэл дизайн” ХХК-тай хамтран оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд олон улсын ВРАП /WRAP/ стандартыг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

8. Үйлдвэр эрхлэгчдийн судалгааны нэгдсэн сан үүсгэх: Дүүргийн 43 хорооны үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэн модон эдлэл, оёдол, гар урлал, эсгий эдлэл, хүнс, газар тариалан, төмөр хийц, дархан, сүлжмэл ноосон эдлэл, арьсан эдлэл, барилгын материал, гутал, үнэт эдлэл, үйлчилгээ зэргээр төрөлжүүлэн эргэх холбоотой ажиллаж байна.