Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Сайн байна уу?

Нийслэлийн нийт Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орны хөгжлийн толь нь Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбар байдаг бөгөөд дундаж давхаргыг өргөжүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой салбар билээ.

            Манай улсын хувьд 60 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 70 хувь буюу 40 орчим мянга нь улсын нийслэл Улаанбаатар хотод маань төвлөрч, үйл ажиллагаагаа эрхэлж байна. Бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Үйлдвэр хөгжлийн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллаж, тус салбарын урагшлах хөгжилд бодит үр дүн гаргахыг зорин ажиллаж байна.

Бид 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай /Шинэчилсэн найруулга/ хуультай уялдуулж, үйл ажиллагаандаа “үйлчилгээний салбар”-ыг нэмж, 2021 оны 02-р сарын 09-ны өдрийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13 тоот тогтоолоор дүрмээ шинэчлэн батлуулж, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Нийслэлийн хэмжээнд нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 70 орчим хувийг худалдаа, үйлчилгээний салбар бүрдүүлдэг бөгөөд тус дүрмийн шинэчлэлээр дээрх худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдрүү чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх хууль эрх зүйн боломж бүрдсэн болно.

Өнгөрсөн хугацаанд төрөөс ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих нэг хэлбэр нь хөнгөлөлттэй зээлийн бодлого байсан боловч энэ нь оновчтой бодит үр дүнд хүрэх шийдэл хараахан болж чадахгүй байна. Одоогийн цар тахлын хүнд үед Монгол Улсын эдийн засаг хумигдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчид бэлэн мөнгөний хомстолд орох, борлуулалт эрс багасах, хөрөнгө оруулалт болон санхүүгийн шийдвэр гаргах боломжгүй байгаа зэрэг бэрхшээлүүдтэй тулгараад байна. Иймд бид ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах боломжийг төрөөс бодитоор дэмжих, цаашид борлуулалтыг тогтвортойгоор хадгалж, нэмэгдүүлэх БОРЛУУЛАЛТЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  бодлого баримтлан ажиллаж байна.

Та бидний хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хөгжлийг урагшлуулж, улс орны маань хөгжлийн тусгалыг илүү “өнгөтэй” болгоно гэдэгт итгэлтэй байна. Нийт жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч Та бүхэндээ дахин мэндчилж, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

Г.Гангамөрөн

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ НӨҮГ-ЫН ДАРГА