БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ

“Өнөр бүл өлгий” компанийн үүсгэн байгуулагч Б.Жадамбаатай ярилцлаа.

Тэрбээр гэр бүлийнхээ хүнтэй хамтарч экологид ээлтэй, эрүүл мэндэд тустай ариутгасан өлгий үйлдвэрлэж байна. Монголд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн нярайн ариун өлгийг онцоллоо.

Сур: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? 

Б.Ж: Сайн. Сайн байна уу? Баярлалаа. Намайг Бэгзжав овогтой Жадамбаа гэдэг 1981 онд  Улаанбаатар хотод төрж өссөн. Эхнэр 2 охины хамт амьдардаг. “Өнөр бүл өлгий” ХХК захирлаар ажиллаж байна. 

Сур: Аливаа зүйлийн эхлэл маш чухал байдаг. Бизнесийн санаагаа анх яаж олсон бэ?

Б.Ж: Хүн өөрөө хүүхэдтэй болохоороо мэдэрч, ойлгож эхэлдэг юм билээ. Анх 2011 онд охиныг маань мэндлэхэд төрх эмнэлгүүдэд нярайн тууралт, хүйн халдвар гарч байсан. Тэгээд хүүхдэдээ өлгий авахаар гадуур явсан чинь дан гадны оронд үйлдвэрлэсэн өлгий л харагдсан. Мөн эрүүл ахуйн байдал хангасан эсэх нь их эргэлзээ төрүүлж, яагаад миний хүүхэд ийм юм хэрэглэх ёстой юм гэж бодсон.

      Иймээс экологид ээлтэй, эрүүл мэндэд тустай, хүүхдийн биед харшил өгөхгүй, хавдар үүсгэхгүй тийм материал, чанар хийцээр хүүхдийн өлгийг хийж болох юм гэсэн санаа төрсөн.

Ингээд л өөрсдөө хийхээр шийдэж өр тавьж, зээл аван зоригтойгоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Харин 2016 оны арван нэгдүгээр сараас албан ёсоор экологид ээлтэй, хүүхдийн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Сур:Дөнгөж төрсөн нярайд шууд хэрэглэх боломжтой гэж сонссон?
 
Б.Ж: Тийм ээ. Манайх анх гэртээ өлгийгөө үйлдвэрлэдэг байсан бол одоо зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна. Өлгийнөөс гадна цамц, малгай, бүс, бээлий, хөнжил зэрэг нярай хүүхдэд хэрэгтэй бүхий л зүйлийг хийдэг. Хамгийн гол нь дөнгөж төрсөн нярай хүүхдэд шууд хэрэглэх үүднээс тусгайлан бэлтгэсэн 112 градусаар халдаг төхөөрөмжид вакуумжуулсан уутанд хийж нэг удаагийн тариур шиг ариутгадаг. Уутны гадна тал ариутгахын өмнө ногоон өнгөтэй байдаг бол дараа нь хар болон хувирдаг. Үүнийг батлах Мэргэжлийн хяналтын шинжилгээний бичиг ч бий.


Сур: ЖДҮ болон бичил бизнес эрхлэхэд бэрхшээл, хүндрэл зайлшгүй тулгардаг  таны хувьд ямар бэрхшээл тулгардаг вэ?

Б.Ж: Тэгэлгүй яахав. Хэчнээн юм уншиж, үзэж, харж судалсан ч гэсэн тухайн үйлдвэрлэлийн талаар мэдлэггүй болохоор даавуу сонгохоос эхлээд их олон асуудал тулгардаг юм билээ. Гол түүхий эд болох даавуугаа нэлээн их хэмжээгээр Эрээнээс оруулж ирээд нярай хүүхдийн малгай, баривч, нимгэн зузаан даавуу гээд шаардлагатай бүх зүйлийг хийж эхэлсэн. Тухайн үед загвар хийц, даавууны материал нь гологдож, их хэмжээний алдагдалд орох, Өвөр Монгол орчуулагчид хулхидуулсан гээд олон бэрхшээл тулгарсан ч энэ нь эргээд бидэнд туршлага болж үлдсэн. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд дан ганц төрийн оролцоо, төрийн мөнгө байдаг юм биш. Нэг үгээр жижиг үйлдвэр эрхлэгчдэд төрийн дэмжлэг гэхээс илүү Зээлийн батлан даалтын сан, мөн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөө­лөх зэрэг татварын уян хатан бод­лого хэрэгтэй. Нэг банк дээр яваад очиход зээлийн батлан даал­тын хөрөнгө нэхдэг, эс­вэл барьцаа хөрөнгөгүй гэдэг шалт­гаанаар үйлдвэрлэл явуу­лах, өргөжүүлэхэд нь хүрэхгүй мөн­гө гаргаж өгөх, хүү өндөр байгаа уч­раас төр энэ талаар илүү анхаарал хандуулж ажиллаасай гэх хүсэлтийг танай сэтгүүлээр дамжуулан дайж байна.

Сур: Байгуулагдсанаасаа хойш хичнээн хүмүүсийг ажлын байраар хангаад байна вэ? Ер нь жилд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсөж чадаж байна уу?

Б.Ж: Манай компани гэр бүлийн жижиг бизнес болохоор анх эхнэр бид хоёр л хийдэг байсан. Харин одоо гурван ажилтантай. Бид ажилчдаа сонгохдоо аль болох гэртээ хүүхдээ хардаг эхчүүдийг ажиллуулахыг хичээдэг. Учир нь гэр бүлийн хоёр хүний нэг нь ажилгүй болчихлоор гэр бүлд эдийн засгийн хүндрэл тулгардаг. Тиймээс гэртээ хүүхдээ хардаг эхчүүдийг ажилтай болгохын тулд дэмжиж, хамтран ажилладаг. Би жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд нэг жил болох гэж бай­на. Манай компани энэхүү хугацаанд одоогийн байдлаар экологид ээлтэй, эрүүл мэндэд тустай өлгий  1250-1320-ийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн.


Сур: ЖДҮ хөгжсөн ихэнх гадны орнууд төрийн зөв бодлогын ачаар хөгжсөн байдаг. Манай орны хувьд таны бодлоор.

Б.Ж: ЖДҮ нь тухайн орны амин судас гэж боддог. Ажиллах хүч хамгийн их шаардагдах  салбар. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрвөх чадвартай мэргэ­жил­тэн, түлхүүр инжене­рүү­­дийг бэлтгэх, түүхий эдийн бэлт­гэн нийлүүлэлтийн шинэ зо­хион байгуулалт хийх, үйлд­вэр­лэлийг шинжлэх ухааны үн­дэс­лэлтэй зах зээлийн тоо­цоо судалгаатай эрхлэх мэр­гэжлийн баг хэрэгтэй байна. Ир­гэд маань үнэ хөөрөгдсөн чанар­гүй импортын бараанаас татгалзаж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломжийг ол­гож байна. Энэ цаг үеийг зөв л ашиг­лах хэрэгтэй юм. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд тө­рөөс авч хэрэгжүүлж байгаа бод­логын хүрээнд үндэсний үйлд­вэрлэлийг зах зээлийн эрэлт, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөг­жүүлж, экс­портын чиг барим­жаа­тай им­­портыг орлох бүтээгдэ­хүү­ний үйлдвэрүүдийг олноор бай­гуулах. Ингэснээр дотоодын хэ­рэг­цээгээ хангахаас гадна үн­дэсний нэрийн бүтээгдэхүүн буюу брэнд бий болгох, түү­нийгээ экспортод гаргах боломж бүрдэх байх гэж боддог.

 Сур: ЖДҮ эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудал нь борлуулалт байдаг.

Б.Ж: Борлуулалт бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй хамгийн том асуудал болоод байна. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зо­хион байгуулагдаж байгаа гадаад, дотоод үзэсгэлэн ху­дал­даа нь хамгийн хямдаар зохион байгуулдаг нь үйлдвэр эрхлэгч нарт ихээхэн дэмжлэг болдог.  Түүгээр ч барахгүй дотоодын “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нь павильоны түрээсгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам сурталчилгаа сайн хийгдэж худалдан авагчдыг татах, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй сурталчилж зохион байгуулагдсан нь үйлдвэрлэл эрхлэгч бид нарын борлуулалтад ихээхэн ашигтай дэмжлэг үзүүлсэнд баяртай байна.

Сур: ЖДҮ  эрхлэгч өөрсдийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө, сургалт, тусламж хэр авч чадаж байна.

Б.Ж: Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зохион байгуулдаг үнэ төлбөргүй сургалт, бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаанд хамрагдаж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг хүссэн үедээ тогтмол хүлээн авдагт сэтгэл хангалуун байдаг.  Сүүлийн үед Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, биднийг дэмжиж байгаад баяртай байдаг. Үйлдвэр эрхлэгчдийн “Зөвлөгөөн” уулзалт, бизнес уулзалтад   оролцохоос гад­на өөрийн бүтээгдэхүүнээ сур­­талч­лах хамтран ажиллах түн­­шүүдтэйгээ уулзах зэрэг олон ажилд дэмжлэг үзүүлж байдагт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлага, албан хаагчдад баярлаж талархсанаа илэрхийлье.

Сур: Та бол амжилттай ажиллаж яваа хийсэн юмтай хүмүүсийн төлөөлөл. Энэ утгаараа амжилтад хүрсэн хүмүүст ямар нийтлэг чанар байдаг вэ? Ямар хүмүүс амжилтад хүрээд байна?

Б.Ж: Аливаа их хөдөлмөрийн ард амжилт заавал дагаж явдагт итгэдэг хүмүүс ажилтанд хүрдэг болов уу. Амжилт бодол дагаж хүрээд ирдэггүй болохоор үйл ажиллагаагаа алсын хараатай болгож, экологид ээлтэй, эрүүл мэндэд тустай ирээдүй хойч үе хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тухын төлөө чиглүүлж ажиллах нь амжилтын эхний алхам байхдаа.

Сур:Таныг их үйлс хүлээж байна. Үйлс ажил тань өөдрөг амгалан байх болтугай амжилт хүсье!

Б.Ж: Баярлалаа. Хүүхэд бүрийн анхны бэлэг, аз жаргал нь байгаасай гэж бид үргэлж хүсдэг. Тиймдээ ч бизнес гэхээсээ илүүтэй хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тухын төлөө ажиллах болно.