ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД МААНЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ЧАНАР, СТАНДАРТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ИЛҮҮ ИХ АНХААРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД МААНЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ЧАНАР, СТАНДАРТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ИЛҮҮ ИХ АНХААРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
Овог нэр: Т.Оюунбилэг
Нас: 22
Мэргэжил: Бизнес удирдлага Жижиг дунд үйлдвэрийн менежмент
Төгссөн сургууль: 
ШУТИС-БУХС 2014-2018
Үйлдвэр эрхлэгчидтэй тэдний үйлдвэрлэл, бизнесээ хийж буй үйл явц, бараа бүтээгдэхүүнийх нь тухай ярилцаж байхад манай үйлдвэр эрхлэгчдийн хувьд бизнесийн, менежментийн мэдлэг дутагдаж байгаа нь илт мэдрэгддэг. “Би арьсан бүтээгдэхүүн 20-н жил хийсэн”, “Би эсгийгээр маш чанартай олбог хийдэг”, “Сүлжмэл цамц хийж олон жил зарж байгаа ч бизнес маань хангалттай томроогүй л байна” гэх мэт олон зүйлсийг ярьдаг. Үйлдвэр эрхлэгчид хэлэхдээ “Бидэнд маш чанартай, хүний хэрэгцээг бүрэн хангахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж, нөөц байгаа ч борлуулалт байнга сэтгэл зовоосон асуудал байдаг” гэдэг. Энэ мэтчилэн үйлдвэр эрхлэгчид маань бизнестээ тулгарч байгаа асуудлын учир шалтгааныг ихэнхдээ гадаад орчноос л эрээд байдаг. Эцсийн дүнд нь эдийн засгийн хямрал, импортын барааны давуу байдал, иргэдийн худалдан авах чадвартай холбоотой гэж үздэг. Гэхдээ үнэндээ хамгийн гол учир нь ийм бүтээгдэхүүнийг, энэ хүн Монголдоо үйлдвэрлээд байна шүү гэдэг мэдээлэл зах зээлдээ хангалттай өгөх ажлыг бага хийж байгаа нь харагддаг. Энэ мэтчилэн асуулгын болон ярилцлага, ажиглалтын судалгаа хийж байх явцдаа үйлдвэр эрхлэгчид маань мэдээллээ бага тараадаг, бизнес төлөвлөгөө менежментийн ойлголтгүйгээс гадна бүтээгдэхүүний тасралтгүй сайжруулалт буюу чанар стандартын талаар ойлголт муутай нь тэдний бизнес хүссэн үр дүндээ хүрэхэд хамгийн их нөлөөлдөг юм байна гэж хувьдаа дүгнэх болсон. 
Миний хувьд үйлдвэр эрхлэгчид маань эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж хардаг. Бизнесийн чиглэлийн үнэн зөв, бодитой, үр ашигтай мэдлэг мэдээллийг эрэлхийлж, өөрсдийгөө чадавхижуулах шаардлага хамгийн түрүүнд тулгарч байна. Үүний дараа олж авсан мэдлэг, мэдээллээ ашиглан бизнесээ төлөвлөж, шат дараатай зохион байгуулж, өөртөө болон багийнхандаа тохирсон удирдлагын болон үйлдвэрлэлийн арга барилаа олж хэвшүүлэн, бизнесийн зорилго, алсын хараагаа зөв тодорхойлж түүнийхээ хүрээнд шинэ санал санаачилгыг бүтээгдэхүүнүүддээ шингээхэд анхаарч ажиллавал илүү хурдан үр дүн гарах болов уу? Түүнээс үүнийг би 10-н жил хийсэн болохоор хэнээс ч илүү чадна гээд зүтгээд байвал байнга  хөгжиж, шинэчлэгдэж байгаа зах зээл дээр амжилт олж чадахгүй шүү дээ. Өнөөдөр зөв хандлагатай, зөв замаар, зөв аргаар ажиллаж буй бизнест маш олон боломжууд байгаа.
Хандлага гэдэг нь тухайн үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуй нэгж бизнесийнхээ алсын хараа, зорилго, үнэт зүйлсээ хэрхэн тодорхойлж түүнийгээ ямар хэмжээнд баримталж, эрхэмлэж байгаагаас харагдана. Тухайн бизнес ямар нэг асуудлыг шийддэг байх хэрэгтэй. Түүнээс зөвхөн мөнгө л олох зорилготой байвал хандлага өөрөө бусдад үр өгөөжөө бага өгнө шүү дээ. Бизнес өөрөө 2 талт буюу аль, аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Хандлага тухайн бизнесийн, бүтээгдэхүүний хэрэглээ, сав баглаа боодол гээд хамгийн энгийн зүйлээс эхлээд л мэдрэгддэг. Харин зөв зам, замналын тухайд миний дээр ярьсан зүйл. Сайн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд л байдаг. 10, 20-н жил ч үйлдвэрлэнэ. Гэхдээ зах зээл дээр нэр хүнд нь өсөхгүй, өөрсдийн үйлдвэрийн байргүй, борлуулалтын суваггүй хэвээр. Энэ нь тухайн бизнес ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй явж ирснийг харуулдаг. Харин арга, арга барилын тухайд би чанар стандартыг л энэ удаа онцолмоор байна. Бид эндээ ингэвэл илүү гоё гээд шууд шинэчилдэг, эсвэл ингэвэл л чанартай гээд анх яаж хийж байсан тэр чигээрээ л хийгээд л байна. Гэхдээ үүнийг үнэхээр гоё болж уу? гэдгийг хэрэглэгчид л шүүнэ. Хэрвээ та тэгж туршиж, судалж чадахгүй бол эсвэл хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол хамгийн найдвартай бөгөөд оновчтой арга бол стандарт, чанарыг нэгдүгээрт тавих явдал.Үйлдвэр эрхлэгчид маань бараа бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг дээшлүүлэхэд илүү их анхаараасай гэж хүсдэг     Tухайн чиглэлээрээ олон жил ажиллаагүй, салбарын мэдлэг багатай ч цөөн хэдэн жилийн дотор маш амжилттай ажиллаж яваа олон компаниуд байдаг. Энэ бүхэн зөв хандлагатай, зөв замаар, зөв аргаар явж буйн жишээ.
Байгууллагын урт хугацааны амжилт, уналтыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь чанар юм. Чанар Стандартын ялгаагтовч, энгийнээр тайлбарлахад таны бүтээгдэхүүний хэрэглэхэд найдвартай, эвтэйхэн, бат бөх байдал нь чанар. Харин тухайн бүтээгдэхүүн хэрэгцээтэй байгаа газар бүртээ тохирохоор, хүлээн зөвшөөрөгдөх материалтай, хэмжээтэй, зориулалттай байх нь стандарт юм. Хэрвээ таны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тань зорилгод олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг хэсэг байгаа л бол үүнийг байнга анхаараарай.