12 ТӨРЛИЙН ОРЛОГЫГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Энэ удаагийн “Хууль ярьж өгье” булангаа Нийслэлийн ЖДҮДТ-ийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Мөнхзултай хамтран бэлтгэлээ. Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал, гол хууль бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль юм. Тиймээс бид энэ хуулийн талаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ мэдээлэл өгөхийг зорилоо.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль бол бизнесийн гол хууль. Энэ хуулийн гол зорилго хийгээд уг татварыг ямар аж ахуйн нэгжид ногдуулдаг талаар эхлээд тодруулна уу? -Энэ хуулийн зорилго нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх харилцааг зохицуулахад чиглэдэг. Үйлчлэх хүрээ нь хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар төлөөлөгчийн газар, удирдах байгууллага, Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж болон тэдгээрийн төлөөний газруудыг хамардаг. -Энэхүү албан татварыг ямар хувь хэмжээгээр ямар орлогод ногдуулдаг вэ? -Хуульд заасан татварын хувь хэмжээ нь 0-3 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувь, гурван тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг дээр гурван тэрбум төгрөгөөс давсан орлогын дүнгийн 25 хувийг нэмж албан татвар ногдуулдаг. Албан татвар төлөгчийн дараахь орлогод доорх хувиар татвар ногдуулдаг. Үүнд, ногдол ашгийн орлогод 10 хувиар, эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар, бооцоот болон төлбөрт тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар, эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг зэргийг худалдаалсан, төлбөртэй ашиглуулсан, эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод мөн 40 хувиар, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувь, хүүгийн орлогод 10 хувь, эрх борлуулсны орлогод 30 хувиар, гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлсэн шилжүүлгийн 20 хувиар, Монгол Улсад байрладаггүй аж ахуйн нэгж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20 хувиар албан татвар ногдуулдаг.
-Аливаа аж ахуйн нэгжид албан татвар ногдуулахаас гадна төрөөс аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж олгодог. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд ийм ямар хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг вэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар бүлэг бүхэлдээ татвараас хөнгөлөх, чөлөөлөх агуулгатай. Энэ бүлгийн 18 дугаар зүйлд татвараас чөлөөлөх заалтууд байгаа. Үүнд, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүү, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого, гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого, 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого зэрэг 12 төрлийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлнө гэж заасан. Үүн дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбоотой заалт бол Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогыг дээрх албан татвараас чөлөөлнө гэж байгаа. Мөн Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд татвар ногдуулахгүй хуулийн заалттай. Түүнчлэн байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлогыг татвараас чөлөөлнө. Энэ төрлийн тоног төхөөрөмж болон жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөлийг Засгийн газар батална гэж хуульчилсан.
-Татвараас чөлөөлөгдөх эдгээр заалтуудыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань сайн судалж, өөрсдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ түүнтэй уялдуулах боломжтой юм байна. Чөлөөлөхөөс гадна хөнгөлөлт эдлэх боломж бас бий биз?
-Дээр хэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар бүлгийн хоёр дахь хэсэг буюу 19 дүгээр зүйл бүхэлдээ татварын хөнгөлөлт эдлүүлэх тухай байгаа. Тухайлбал үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Мөн 50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцох хуулийн заалттай.